ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОН ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2024-10-01 00:00:00,   33

                                                                                                                                                                                                                   Төрийн албаны зөвлөлийн

                                                                                                                                                                                                               2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн

                                                                                                                                                                                                                25 дугаар тогтоолын 1 дүгээр хавср

 ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОН ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.      Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх, төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, шатлан дэвшихтэй холбогдсон харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү журмаар зохицуулна.

1.2.Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх төрийн жинхэнэ албан тушаал болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд шалгалтын зорилго оршино.

Хоёр.Шалгалтын төрөл

2.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна: 

   2.1.1.Төрийн албаны ерөнхий шалгалт /цаашид "Ерөнхий шалгалт" гэх/:

2.1.1.1.улсын хэмжээнд улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах хуваарьт ерөнхий шалгалт /цаашид "хуваарьт ерөнхий шалгалт" гэх/;

2.1.1.2.аймаг, нийслэл дэх хүний нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн захиалгаар хэсэгчлэн зохион байгуулах ерөнхий шалгалт /цаашид "захиалгат ерөнхий шалгалт" гэх/.

2.1.2.Төрийн албаны тусгай шалгалт /цаашид "Тусгай шалгалт" гэх/:

2.1.2.1.төрийн байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах бүтцийн нэгжийн удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт /цаашид "удирдах албан тушаалын тусгай шалгалт"/;

2.1.2.2.төрийн байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт /цаашид "гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалт"/.

2.1.3.Төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт:

2.1.3.1.төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт;

2.1.3.2.төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт.

Гурав.Шалгалт, сонгон шалгаруулалт зохион байгуулах харьяалал

3.1.Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл зохион байгуулна.

3.2.Тусгай шалгалтыг доор дурдсан харьяаллын дагуу зохион байгуулна.

3.2.1.яамны газар, хэлтсийн дарга, Засгийн газрын агентлагийн дэд дарга болон Салбар зөвлөлгүй байгууллагын албан тушаалын шалгалтыг Төрийн албаны зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх);

3.2.2.энэ журмын 3.2.1-т зааснаас бусад төрийн захиргааны албан тушаалын шалгалтыг харьяалах Салбар зөвлөл (цаашид "Салбар зөвлөл" гэх);

3.2.4.төрийн тусгай албан тушаалын шалгалтыг харьяалах Салбар зөвлөл.

3.3.Төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг доор дурдсан харьяаллын дагуу зохион байгуулна.

3.3.1.төрийн захиргааны албаны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг Зөвлөл;

3.3.2.энэ журмын 3.3.1-т зааснаас бусад төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг харьяалах Салбар зөвлөл

3.3.3.яам, агентлаг, төрийн бусад байгууллагын харьяа төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг харьяалах Салбар зөвлөл;

3.3.4.аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдах төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл.

3.3.5 Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөний улмаас тухайн байгууллагын албан тушаалын ангилал нь төрийн жинхэнэ албан тушаал болж өөрчлөгдсөн бол энэ тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг уг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчдын боловсрол, туршлага, мэргэшсэн байдлын талаарх мэдээлэл болон төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэйг нотлох баримтын хамт Зөвлөлд ирүүлнэ. Энэ тохиолдолд Зөвлөлийн шийдвэрээр шалгалтын комисс байгуулж, албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлага хангаж байгаа, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй албан хаагчдын хүрээнд тусгай шалгалтыг зохион байгуулж болно.

Дөрөв.Шалгалтын зарыг олон нийтэд мэдээлэх

4.1.Хуваарьт ерөнхий шалгалтын тов болон холбогдох мэдээллийг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор, захиалгат ерөнхий шалгалтын тов болон холбогдох мэдээллийг бүртгэл эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

4.2.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно.

4.3.Энэ журмын 4.2-т заасны дагуу нөхөгдөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх бөгөөд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

4.3.1.албан тушаалын тодорхойлолт;

4.3.2.тухайн албан тушаалын сул орон тоо гарсныг нотлох шийдвэр.

4.4Сул орон тоо гарсныг нотлох шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзвэл зарыг ажлын 10-аас доошгүй өдөр Зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

4.5.Зард шалгалтын зорилго, бүртгэл хийх хугацаа, байршил, бүрдүүлэх баримт бичиг, холбоо барих утасны дугаар зэргийг заана.

4.6.Шалгалтын зар болон холбогдох бусад мэдээлэлд зайлшгүй шаардлагаар өөрчлөлт оруулах бол энэ тухай нийтэд мэдээлнэ.

4.7.Сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан хугацаанд ирүүлээгүй бол мөн хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. Энэ тохиолдолд Зөвлөл, Салбар зөвлөл томилох эрх бүхий этгээдэд мэдэгдэж, сул орон тоог нөхөх зарыг нийтэд мэдээлж болно.

Тав.Шалгалт өгөх болзол

 

5.1.Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ:

5.1.1.Монгол Улсын иргэн байх;

5.1.2.дээд боловсролтой байх;

Тайлбар: Төрийн албаны тухай хуулийн 10.2-т заасан туслах албан тушаалд мөн хуулийн 22.1.2-т заасан шаардлага хамаарахгүй.

5.1.3.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;

5.1.4.сэтгэцийн өвчин эмгэггүй байх;

5.1.5.хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;

Тайлбар: 2008 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийн магадалгаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд Төрийн албаны тухай хуулийн 22.1.6-д заасан шаардлага хамаарахгүй.

 

5.1.6.Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх;

5.1.7.төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан эсхүл албан тушаал эрхлэх эрх хязгаарласан шүүхийн тогтоолтой бол уг хугацаа дууссан байх;

5.1.8.төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжихээр хүсэлт гаргасан байх;

5.1.9.иргэний хувьд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байх;

5.1.10.зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

5.2.Ерөнхий шалгалтад бүртгүүлэх иргэнд энэ журмын 5.1.8-5.1.10-т заасан болзол хамаарахгүй.

5.3.Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд энэ журмын 5.1.5, 5.1.8, 5.1.9-т заасан болзол хамаарахгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758289075201&fbclid=IwAR3AuadDUgec-nWcMupEtE6iyFxD9asdJXk-SQNKqSKCDMrximBTp2yfKZo холбоосыг дарж үзээрэй.

 

2024-10-01 00:00:00