Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Дэлгэрхан уулын хошуу. Сумын анхны даргаар Чойдоржийн Норжий гэдэг хүнийг сонгож, сумынхаа нэрийг Улаан-Тайгын нэрээр Улаан-Уул сум гэж нэрлэх болжээ.
Сумын нутаг дэвсгэр 1005752 га юм. Далайн түвшнээс дээш 1200-3351 м өндөр өргөгдсөн хангайн уулархаг бүсэд орших бөгөөд сумын нутгийн ихэнх нь өндөр уулс, цавчим сарьдаг, хөвч ой модтой. Улаан-Уул сум нь баруун талаараа ОХУ-ын Тува улс, хойт талаараа Хөвсгөл аймгийн Цагааннуур, зүүн талаараа Ренчинлхүмбэ сум, зүүн өмнөд талаараа Алаг-Эрдэнэ сум, өмнөд талаараа Арбулаг сум, баруун өмнөд талаараа Баянзүрх сумдуудтай хил залган оршино.
Хамгийн хойд цэг нь: Шишгэд бусын голын уулзвараасзүүн хойд 5 км, баруун цэг нь өвөр Өвөр Босгодын Улаан хад уул, өмнөд цэг нь Бэлтэс, Дунд Тоомын голын уулзвар, баруун цэг нь 1451 тоот өндөрлөгөөс зүүн тийш 1 км-т орших Бусын цагаан цоорхой гэдэг газар болно. Хорьдол Сарьдагийн уулс, Дэлгэрхаан уул, Өл, Тоомын даваа зэрэг өндөр даваатай, Бэлтэс, Гун, Багтаг, Шишгэд зэрэг томоохон гол мөрөн олонтой.
Сумын төв нь аймгийн төв Мөрөн хотоос 171 км, Улаанбаатар хотоос 942 км хол алслагдсан байдаг.
Нутгийн зүүн хэсгээр алдарт дархадын цэнхэр хотгор үргэлжилнэ. Сумын нутаг нь өндөр уулс, Тайгын бүсэд хамаарагддаг. Ой мод, ан амьтан, жигүүртэн шувуугаар баян, Бал чулуу, чулуун нүүрс, фосфорит, шохойн чулуу, шар алт зэрэг ашигт малтмалтай.
Мунгишийн чулуун нүүрсний ордын нөөц нь 2 сая орчим тонн бөгөөд илчлэгээрээ сайн чанарт орох нүүрс юм. Бэлтэсийн голын хөнгөн цагааны нөөцийг 222 сая орчим тонн гэж геологи хайгуулын судалгаагаар тогтоогджээ.
Бэлтэсийн голын эхэнд Бөөстөг болон Цагаан нуур, Ушигадай зэрэг элдэв өвчин эмгэгийг илааршуулдаг рашаан энэ сумын нутагт байдаг. Сумын хүн амын зонхилох нь дархадууд юм.
Сумын ус зүйн сүлжээ нь Хойд мөсөн далайн ай савд хамрагдана. Усан хангамжийн хувьд гадаргын усаар маш элбэг бөгөөд 8262.0 га талбайг эзэлнэ. Улаан тайгаас эх авдаг Дэлгэрмөрөн нь Сэлэнгэ мөрний эх болох ба Бус, Хөг, Мунгараг, Гун голууд нь Шишгэд, Енисей мөрний эх болдог. Эдгээр гол мөрөнд олон зуун гол горхи цутгадаг. Мөн Хорьдол сарьдагийн нуруунаас эх авдаг нилээд усархаг, түргэн урсгалтай уулын голууд болох Бэлтэс, Мунгаш, Алтгана Босгод, Алхай зэрэг голууд эх аван Дэлгэрмөрөн ба Багтаг, Шишгэд голуудад цутгана.
Шивлэг, Тоом, Мунгараг, Соёо, Төгөл, Гун гэсэн 6 багтай. 1956 онд Жаргалант-Амьдрал нэгдэл гал голомтоо тулж 1990 он хүртэл ажиллаж байв.