УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Мөрөн сумын хүнс, барааны зах дээр бизнес эрхлэгчид болон захын эзэдтэй уулзлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Мөрөн сумын хүнс, барааны зах дээр бизнес эрхлэгчид болон захын эзэдтэй хийсэн уулзалт аймгийн ХДТ-т 18 цагт эхэлж 200 орчим төлөөлөл хүрэлцэн ирэв. Л.Энх-Амгалан гишүүний хийсэн уулзалтын гол сэдэв шинэ битүү зах барих барилгын газрын байршлыг хаана тогтоох нь зүйтэй эсэх талаар худалдаа эрхлэгчдийн төлөөллийн саналыг нүүр тулан сонсох, захын эздийн тогтоосон түрээсийн үнэ худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа эсэх, зах дээр худалдаа эрхэлж буй 1500 орчим иргэдийн нийгмийн даатгалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, захыг хүний эрүүл мэнд, эрүүл ахуй шаардлагад нийцүүлэхийн тулд инженерийн шугам сүлжээг яаралтай тавих зэрэг асуудлыг хөндсөн байна. Уулзалтад ирсэн худалдаа эрхлэгчдийн 90 хувь нь шинэ худалдааны төвийг  одоогийн захын орчим барих нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Мөн захын эзэд, худалдаа эрхэлгчид, аймаг сумын удирдлагуудаас төлөөлөл сонгож, 3 тал оролцсон ажлын хэсэг гарган шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл хэмээн үзлээ.